МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ 2024
Шинэ
Ямагата сургууль нь 1949 онд байгуулагдсан ба 4 оюутны хотхон, 6 факультет, 6 ахисан түвшний сургуультай. Дотоодын болон олон улсад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинэ технологийг бий болгох боловсон хүчнийг хөгжүүлж буй зүүн японы шилдэг их сургуулиудын нэг юм.
Төрөл бүрийн сургалтуудыг санал болгож суралцагчийн хэрэгцээ сонирхолд нийцсэн өндөр чанартай орчин бүрдүүлэхийг эрмэлздэг. Ямагата, Йонэзава, Цүрүока гэсэн 3 хотод 4 оюутны хотхонтой бөгөөд бүгд тус бүрийн онцлог шинж чанарыг агуулсан боловсролын хөтөлбөр, судалгааны төслүүдийг санал болгодог.
Шинэ
Нагоя их сургууль нь 1939 онд Японы эзэн хааны их сургуулиудын хамгийн сүүлийнх нь болж байгуулагдсан ба 1949 оноос хойш Нагоягийн их сургууль гэж нэрлэгдэх болсон.
Тус сургууль нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай бизнес эрхлэгчдийг бэлтгэдэг бөгөөд бизнесийн боловсролын дэлхийн стандартыг харуулсан олон улсын гурван магадлан итгэмжлэлийг эзэмшсэн японы цорын ганц их сургууль юм. Мөн 9 бакалаврын сургууль, 13 ахисан түвшний сургууль, 35 судалгааны төвтэй. 2023 оны байдлаар бакалаврын түвшинд 9600 гаруй, магистр, докторын түвшинд 6400 гаруй, нийт 16000 гаруй оюутан суралцаж байгаагаас 2600 орчмыг нь гадаад оюутан эзэлж байна.
Ихэнх хөтөлбөрүүд япон хэл дээр явагддаг хэдий ч англи хэл дээр суралцах боломжтой GB30 хөтөлбөртэй. Мөн дэлхийн боловсролын шилдэг их сургуулиудтай оюутан солилцоо болон хос хавсарга хөтөлбөртэй учир зөвхөн японд төдийгүй дэлхийн хэмжээний сургуулиудад суралцах боломжийг олгодог их сургууль юм.
Шинэ
Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC) нь 2019 онд Хёого мужийн их сургуулийн эдийн засаг, менежментийн сургуульд анх эхэлсэн бөгөөд зөвхөн англи хэлээр хичээл ордог анхны хөтөлбөр юм. GBC хөтөлбөрийн зорилго нь Японы болон олон улсын бизнесийн талаар суралцаж, сурсан мэдлэгээрээ дамжуулан хүмүүсийн хооронд хана хэрэм биш гүүр барьж чадах мэдлэгтэй боловсон хүчнийг бэлдэхэд оршино.
GBC хөтөлбөр нь:
※ Глобал сэтгэлгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллах хүчнийг бэлтгэх
※ Эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын мэргэжлийн ур чадварт суралцаж, эдийн засгийн бакалаврын зэрэг авах боломж
※ Дотуур байранд япон болон бусад орны оюутнуудтай хамт амьдарч өөр өөр орны соёлын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломж
※ Хёого мужийн амжилттай яваа томоохон компаниудад дадлага хийх боломж, төгсөөд шууд ажиллах ур чадвартай хүний нөөц болох
Шинэ
Нийгата мужийн их сургууль нь 2009 онд байгуулагдсан улсын их сургууль бөгөөд нийт 150 багш ажилчид, 1500 гаруй оюутнуудтай. Тус сургууль нь 3 бакалаврын (Олон улсын бүс нутгийн судалгааны факультет, Олон улсын эдийн засгийн факультет, Хүний амьдрал судлалын факультет), 2 магистрын (Олон улсын бүс нутгийн судалгааны салбар, Эрүүл мэнд, шим тэжээл судалгааны салбар) хөтөлбөртэй.
※ Олон улсын бүс нутгийн судалгааны факультет нь олон улсын харилцаа, улс хоорондын соёлын харьцуулалт, орос, хятад, солонгос хэл болон соёл судлалын ангитай.
※ Олон улсын эдийн засгийн факультет нь олон улсын эдийн засаг, бүс нутгийн эдийн засаг, мэдээллийн шинжлэх ухаан, эдийн засгийн (2025 оны 4 сараас хэрэгжиж эхлэх) ангитай.
※ Хүний амьдрал судлалын факультет нь хүүхэд судлал, эрүүл мэнд, шим тэжээл судлалын ангитай.
Нийгата мужийн их сургуулийн гол зорилго нь практик мэдлэг, хувь хүний онцлог, хэлний ур чадвар зэргийг хөгжүүлж, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд тулгарч буй асуудлуудад хувь нэмрээ оруулах чадвартай дэлхийн хэмжээний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд оршиж байна.
Шинэ
Нагоя худалдаа, бизнесийн их сургууль (NUCB) нь 1953 онд байгуулагдсан. Сүүлийн 80 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний боловсролын байгууллага гэдгээрээ олонд танигдаж дэлхийн бизнесийн боловсролын стандартыг хангасан сургуулиудад олгодог AASCB, EQUIS, AMBA магадлан итгэмжлэлтэй цорын ганц Японы их сургууль.
59 гаруй улсын 158 орчим сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд жил бүр Нишшин оюутны хотхонд Хятад, Солонгос улсаас эхлээд Сингапур, Франц, Америк, Канад, Мексик зэрэг 70 гаруй орноос 300 орчим гадаад оюутнууд тус сургуульд элсэн суралцдаг. Мөн Тайван, Ирланд, Францын их сургуулиудтай 2+2 оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Сургуулийн гол зорилго нь Шинэ Ази болон бусад орнуудын хоорондын ялгааг даван гарах даяарчлагдсан сэтгэхүйтэй, өндөр ур чадвар, ёс зүйн өндөр чадамжтай удирдагчдыг бэлтгэх явдал юм.
Шинэ
Токио Олон Улсын Их Сургууль (TIU) нь 1965 онд байгуулагдсан бөгөөд Икэбүкүро, Кавагоэ хотод байрлалтай 2 оуютны хотхонтой, 5 факультеттай үйл ажиллагаа явуулдаг цогц их сургууль юм. Тус сургуульд ойролцоогоор 75 орны 1700 гаруй оюутан суралцаж байна.
Токиогийн төв хэсэгт орших орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн Икэбүкүро кампус нь 2023 оны 9 сард ашиглалтад орсон бөгөөд оюутнуудад тав тухтай хичээллэх, амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлж өгсөн.
Токио олон улсын их сургуулийн E-Track хөтөлбөр нь дараах 3 мэргэжлээр элсэлт авдаг бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг. Нийт оюутнуудын 70 гаруй хувийг гадаад оюутнууд эзэлдэг ба олон улсын оюутнуудын хүрээлэл дунд, дэлхийн жишигт нийцсэн багш нарын удирдлага дор суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой.
・“Дижитал бизнес болон Инновац” нь хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг бизнест хэрхэн ашиглах.
・“Бизнес, эдийн засаг” нь сургуулиа төгсөөд бизнесийн ертөнцөд хэрэг болох ур чадварт суралцах.
・“Олон улсын харилцаа” нь сүүлийн жилүүдэд тулгамдаж буй асуудал болох дэлхийн улс хоорондын мөргөлдөөний үндсэн шалтгааныг олох, хэрхэн байр сууриа илэрхийлэх зэрэг олон улсын тавцанд идэвхтэй байх ур чадварыг эзэмшдэг.
Шинэ
Чиба мужид байрлалтай Чюүо Гакүин их сургууль нь 1966 онд байгуулагдсан хувийн их сургууль юм. Тус сургууль нь 3 үндсэн факультеттай бөгөөд үүнд:
• Худалдааны факультет /Бакалавр, Магистр/
• Хуулийн факультет /Бакалавр/
• Орчин үеийн либерал урлагийн факультет /Бакалавр/
Худалдааны факультетад бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, маркетинг, олон улсын харилцааны хөтөлбөрүүд дундаас бизнесийн салбарт тулгарах өөрчлөлт шинэчлэлд хэрхэн зөв шийдвэр гаргах талаар суралцах, Хуулийн факультетад Японы хууль эрх зүй, төрийн удирдлагын чиглэлээр суралцах, Орчин үеийн либерал урлагийн факультетад хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны хөтөлбөрүүдээр дамжуулан шүүмжлэлтэй сэтгэлгээ, бүтээлч байдал, өнөөгийн нийгэмд дасан зохицох чадварт суралцах боломжтой.
Чюүо Гакүин их сургууль нь “STAND BY YOU” буюу “Чиний талд зогсоно” уриа дор оюутнуудын сурлага, ажил хайх үйл явц, оюутны амьдрал зэрэгт дэмжлэг туслалцаа үзүүлдэг.
Шинэ
Олон улсын их сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд дотроо 2 бүрэлдэхүүн нэгж сургуультай.
※ Олон улсын харилцааны их сургууль
※ Олон улсын менежментийн их сургууль
Тус сургууль нь Нийгата мужийн Минамиүонүма хотод байдаг. Жил болгон 400 орчим шинэ оюутан хүлээн авдаг бөгөөд 67 гаруй орны оюутнууд суралцдаг. 2024 оны байдлаар 15 Монгол оюутан суралцаж байна.
Бүх хичээлээ англи хэлээр явуулдаг анхдагч их сургуулиудын нэг бөгөөд одоогийн байдлаар 143 орны 5100 гаруй оюутан (138 Монгол) суралцаж төгссөн. Олон улсын харилцааны их сургууль нь олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр үндэслэн хэлэлцүүлгүүд явуулдаг бол олон улсын менежментийн их сургууль нь бодит төсөл дээр суралцах, илтгэл зэргээр дамжуулан амьдрал дээр ашиглагдах практик ур чадваруудыг суулгадаг.
Шинэ
Кэйо их сургууль нь Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогддог. 1858 онд сурган хүмүүжүүлэгч, философич, зохиолч Юкичи Фүкүзава, ирээдүйн удирдагчдад зориулан Японы боловсролыг шинэчлэх нь нэн чухал гэж үзсэн учир Кэйо их сургуулийг байгуулж байсан түүхтэй.
6 том оюутны хотхон, 10 бакалаврын хөтөлбөр, 14 магистр, докторын хөтөлбөр, 33,400 гаруй оюутнууд, 390,000 гаруй төгсөгчидтэй Кэйо их сургууль нь хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлийн судалгаанууд болон ахисан түвшний эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг эмнэлэгтэйгээрээ алдартай. Мөн олон олон төгсөгчид нь төрөл бүрийн салбарт амжилт олсоор ирсэн бөгөөд тухайлбал ерөнхий сайдууд, эрдэмтэд, тамирчид, хөгжмийн зохиолчид, эмч зэрэг олон алдартай хүмүүс тус сургуулиас төрөн гарчээ.
2024 оны байдлаар Кэйо их сургуульд 85 гаруй орноос ирсэн 2000 орчим гадаад оюутнууд суралцаж байна. 23 гаруй хөтөлбөр, 940 гаруй хичээлийг англи хэлээр судлах боломжийг олгодгоороо онцлогтой. 2023 онд QS-ын гаргасан дэлхийн их дээд сургуулиудын жагсаалтаар дэлхийд 197, Японд 9, Японы хувийн их сургуулиудаас 1-р байранд тус тус жагсжээ.
Шинэ
Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд Киото хотод байгуулагдсан. 2020 онд инженерийн салбар сургуулиа байгуулж оюутнуудад орчин үеийн дэвшилтэт технологийн талаар суралцах боломжийг олгосоор ирсэн бөгөөд 2025 оны 9-р сараас биоэкологийн шинжлэх ухааны салбар сургууль, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар сургуульд англи хэлний хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ.
Эдгээр гурван хөтөлбөр нь оюутнуудад өөрчлөлт, шинэчлэлтийг эрэлхийлсэн манлайлагч болж өсөхөд тусалж, даяаршиж буй нийгэмд тулгарч буй сорилтуудыг даван туулахад нь туслах мэргэжлийн болон практик боловсрол олгох болно.