НАМРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ 2025
Шинэ
Сага мужийн 4 жилийн сургалттай 3 дахь их сургууль болох Такэо Ази Их Сургууль 2026 оны 4 сард нээгдэнэ.
Сага хотод байрлах Сага богино хугацааны охидын сургуулийг удирддаг Гакүэн сургууль (学校法人旭学園) нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны зөвшөөрөл авч, энэхүү шинэ сургууль байгуулах гэж байна. Ингэснээр Сага их сургууль (佐賀大学), Нишикюүшюү их сургууль (西九州大学)-ийн дараа 4 жилийн сургалттай гурав дахь их сургууль болох юм.
Шинэ сургуульд “Зүүн Азийн бүс нутгийн хамтын хөгжил судлалын тэнхим” байгуулагдаж, бүс нутгийн хөгжил, аялал жуулчлал, орон нутгийн засаг захиргаа, нийтийн байгууллагуудын чиглэлээр судалгаа, сургалт явуулах болно. Хөтөлбөрийг төгсөгчид “Бүс нутгийн хамтын хөгжил судлалын бакалавр” зэрэгтэй төгсөнө.
Шинэ
Мүсашино их сургууль нь 1924 онд Таканори Жүнжиро багшийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд буддын сургаалын үзэл санааг суурь болгон хөгжсөөр ирсэн. Өдгөө тус сургууль нь хүмүүнлэг, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, эрүүл мэнд, мэдээллийн технологи зэргийг багтаасан 13 факультет, 21 тэнхим, магистрын түвшинд 14 сургалтын хөтөлбөр, 17 мэргэжил санал болгодог цогц их сургууль юм.
“Дэлхийн аз жаргалыг бодитоор бүтээе” гэсэн уриан дор одоогийн байдлаар дэлхийн 33 орноос ирсэн 887 гадаад оюутан суралцаж байна. Бүх оюутанд зориулсан суурь хөтөлбөр болох “Musashino INITIAL”-д хиймэл оюун ухааны суурь хэрэглээг заавал судлуулж, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглаж, дэлхийд хувь нэмэр оруулах чадвартай боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.
Шинэ
Нагоя худалдаа, бизнесийн их сургууль (NUCB) нь 1953 онд байгуулагдсан бөгөөд Японд бизнесийн боловсролын дэлхийн стандарт болох гурван олон улсын магадлан итгэмжлэлийг (AACSB, AMBA, EQUIS) бүгдийг нь авсан цорын ганц их сургууль юм.
Сургуульд англи хэлээр явагддаг Global BBA хөтөлбөр болон япон хэл дээрх бакалаврын хөтөлбөрүүд бий. Оюутнууд өөрийн хэлний түвшинд тохируулан хөтөлбөрөө сонгон суралцах боломжтой.
Дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудтай хамтын ажиллагаатай бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрүүд, түүнчлэн Франц, Ирландын их сургуулиудтай хамтарсан хос хавсарга хөтөлбөрөөр суралцах боломж олгодог.
Шинэ
Чиба мужид байрлах Чюүо Гакүин их сургууль нь 1966 онд байгуулагдсан хувийн их сургууль бөгөөд 3 үндсэн факультеттай.
• Худалдааны факультет /Бакалавр, Магистр/
• Хуулийн факультет /Бакалавр/
• Орчин үеийн либерал урлагийн факультет /Бакалавр/
Худалдааны факультетад бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, маркетинг, олон улсын харилцааны хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой бөгөөд бизнесийн өөрчлөлт, шинэчлэлд дасан зохицох чадварыг хөгжүүлдэг. Хуулийн факультет нь Японы хууль эрх зүйн тогтолцоо болон төрийн удирдлагын чиглэлээр гүнзгийрүүлэн судлах боломж олгодог. Орчин үеийн либерал урлагийн факультет нь хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны олон чиглэлээр дамжуулан бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлтэй хандлага, нийгэмд дасан зохицох чадварыг төлөвшүүлдэг.
Чюүо Гакүин их сургууль нь “STAND BY YOU” буюу “Чиний талд зогсоно” уриа дор оюутнуудын сурлага, ажил мэргэжлийн эрэлхийлэл, өдөр тутмын амьдралд идэвхтэй дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой.
Шинэ
2019 онд Эдийн засаг, менежментийн сургуульд эхэлсэн Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC) нь бүх хичээл англи хэл дээр явагддаг Японы анхны хөтөлбөрүүдийн нэг юм. Хөтөлбөрийн зорилго нь Японы болон олон улсын бизнесийн талаар суралцаж, сурсан мэдлэгээрээ дамжуулан хүмүүсийн хооронд хана хэрэм биш гүүр барьж чадах мэдлэгтэй боловсон хүчнийг бэлдэхэд оршино.
GBC хөтөлбөрийн онцлог:
※ Глобал сэтгэлгээтэй, олон улсад өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх
※ Олон улсын оюутнуудтай хамт суралцах орчин
※ Хёого мужийн амжилттай яваа компаниудад дадлага хийх боломж
Шинэ
1965 онд байгуулагдсан Токио олон улсын их сургууль нь Токио хотын Икэбүкүро, мөн Сайтама мужийн Кавагоэ хотод байрлах хоёр оюутны кампустай. Тус сургуульд одоогоор 75 орны 1700 гаруй оюутан суралцаж байна.
2023 оны 9-р сард ашиглалтад орсон шинэ Икэбүкүро кампус нь дэвшилтэт технологиор тоноглогдсон бөгөөд оюутнуудад хичээллэх, амрах, чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчинг бүрдүүлсэн.
Токио олон улсын их сургуулийн E-Track хөтөлбөр нь дараах 3 мэргэжлээр элсэлт авдаг бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг. Нийт оюутнуудын 70 гаруй хувийг гадаад оюутнууд эзэлдэг ба олон улсын оюутнуудын хүрээлэл дунд, дэлхийн жишигт нийцсэн багш нарын удирдлага дор суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой.
※ “Дижитал бизнес ба инноваци” нь хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг бизнест хэрхэн ашиглах
※ “Бизнес ба эдийн засаг” нь сургуулиа төгсөөд бизнесийн ертөнцөд хэрэг болох ур чадварт суралцах
※ “Олон улсын харилцаа” нь сүүлийн жилүүдэд тулгамдаж буй асуудал болох дэлхийн улс хоорондын мөргөлдөөний үндсэн шалтгааныг олох, хэрхэн байр сууриа илэрхийлэх зэрэг олон улсын тавцанд идэвхтэй байх ур чадварыг эзэмшдэг.
Шинэ
Олон улсын их сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд дотроо хоёр бүрэлдэхүүн сургуультай.
※ Олон улсын харилцааны их сургууль
※ Олон улсын менежментийн их сургууль
Нийгата мужийн Минамиүонүма хотод байрлах тус сургуульд жил бүр 67 гаруй орны 391 гаруй шинэ оюутнууд элсэж суралцдаг. 2025 оны байдлаар нийт 16 Монгол оюутан суралцаж байна.
Бүх хичээлээ англи хэл дээр явуулдаг анхдагч их сургуулиудын нэг бөгөөд одоогийн байдлаар 148 орны 5600 гаруй оюутан (145 Монгол оюутан) суралцаж төгссөн. Олон улсын харилцааны их сургууль нь дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх сэдвээр гүнзгийрүүлэн судалдаг бол олон улсын менежментийн их сургууль нь бодит төсөл дээр, илтгэлээр дамжуулан практик ур чадваруудыг эзэмшүүлдэг.
Шинэ
Кэйо их сургууль нь Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогддог. 1858 онд сурган хүмүүжүүлэгч, философич, зохиолч Юкичи Фүкүзава, ирээдүйн удирдагчдад зориулан Японы боловсролыг шинэчлэх нь нэн чухал гэж үзсэн учир Кэйо их сургуулийг байгуулж байсан түүхтэй.
6 том оюутны хотхон, 10 бакалаврын хөтөлбөр, 14 магистр, докторын хөтөлбөр, 33,700 гаруй оюутнууд, 410,000 гаруй төгсөгчидтэй Кэйо их сургууль нь хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлийн судалгаанууд болон ахисан түвшний эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг эмнэлэгтэйгээрээ алдартай. Мөн олон олон төгсөгчид нь төрөл бүрийн салбарт амжилт олсоор ирсэн бөгөөд тухайлбал ерөнхий сайдууд, эрдэмтэд, тамирчид, хөгжмийн зохиолчид, эмч зэрэг олон алдартай хүмүүс тус сургуулиас төрөн гарчээ.
2025 оны байдлаар Кэйо их сургуульд 82 гаруй орноос ирсэн 2100 орчим гадаад оюутнууд суралцаж байна. 23 гаруй хөтөлбөр, 940 гаруй хичээлийг англи хэл дээр судлах боломжийг олгодгоороо онцлогтой. 2023 онд QS-ын гаргасан дэлхийн их дээд сургуулиудын жагсаалтаар дэлхийд 197, Японд 9, Японы хувийн их сургуулиудаас 1-р байранд тус тус жагсжээ.
Шинэ
Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд Киото хотод байгуулагдсан. 2020 онд инженерийн салбар сургуулиа байгуулж оюутнуудад орчин үеийн дэвшилтэт технологийн талаар суралцах боломжийг олгосоор ирсэн бөгөөд 2025 оны 9-р сараас биоэкологийн шинжлэх ухааны салбар сургууль, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар сургуульд англи хэлний хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ.
Эдгээр гурван хөтөлбөр нь оюутнуудад өөрчлөлт, шинэчлэлтийг эрэлхийлсэн манлайлагч болж өсөхөд тусалж, даяаршиж буй нийгэмд тулгарч буй сорилтуудыг даван туулахад нь туслах мэргэжлийн болон практик боловсрол олгох болно.