ХАВРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ 2025
Шинэ
Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд Киото хотод байгуулагдсан. 2020 онд инженерийн салбар сургуулиа байгуулж оюутнуудад орчин үеийн дэвшилтэт технологийн талаар суралцах боломжийг олгосоор ирсэн бөгөөд 2025 оны 9-р сараас биоэкологийн шинжлэх ухааны салбар сургууль, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар сургуульд англи хэлний хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ.
Эдгээр гурван хөтөлбөр нь оюутнуудад өөрчлөлт, шинэчлэлтийг эрэлхийлсэн манлайлагч болж өсөхөд тусалж, даяаршиж буй нийгэмд тулгарч буй сорилтуудыг даван туулахад нь туслах мэргэжлийн болон практик боловсрол олгох болно.
Шинэ
Фүкүи их сургууль нь Японы Фүкүи мужид байрлах улсын их сургууль бөгөөд инженерчлэл, олон улсын болон бүс нутгийн судалгаа, анагаах ухаан, боловсролын чиглэлээр тэргүүлдэг. Судалгаа, практик дадлага болон салбар хоорондын хамтын ажиллагаанд түлхүү анхаардаг тул шинжлэх ухаан, технологийн чиглэлд суралцахыг хүссэн оюутнуудад оновчтой сонголт болдог.
Тус сургууль нь төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин өндөр бөгөөд төгсөгчид нь Япон болон олон улсад амжилттай ажиллаж байна.
Фүкүи хот нь үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн, тайван орчинтой бөгөөд томоохон хотууд руу зорчиход хялбар, амьдрахад таатай орчин бүрдүүлсэн. Амьжиргааны зардал нь томоохон хотуудтай харьцуулахад хямд бөгөөд санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мөн гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалт болон бусад дэмжлэгийн тогтолцоо сайн хөгжсөн тул тав тухтай, үр бүтээлтэй оюутны амьдралыг өнгөрүүлэх боломжтой.
Шинэ
Тохио хотод байрлах Риккёо их сургууль нь 1874 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 20,000 орчим оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь зөвхөн ерөнхий боловсрол олгохоос гадна, олон төрлийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүмүүсийн дунд хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой либерал арт суурьтай боловсролыг олгодог.
Сургуулийн хотхонууд нь Токио хотын худалдаа, тээврийн төв гэж тооцогддог Икэбүкүро дүүрэгт болон Сайтама мужийн Нииза хотод байрладаг. Нииза хотхон нь Токио хотын захын бүсэд орших боловч ногоон байгууламжаар баялаг, нээлттэй уур амьсгалтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий анги танхим, лаборатори, өргөн цар хүрээтэй спортын байгууламж, номын сантайгаараа онцлог юм.
Одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ойролцоогоор 1,000 гадаад оюутан Риккёо их сургуульд суралцаж байна.
Шинэ
Каназава их сургууль нь Японы Ишикава мужид байрлах, 1949 онд байгуулагдсан нэр хүндтэй улсын их сургуулиудын нэг юм. Шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан болон хүмүүнлэгийн салбарын судалгаагаар тэргүүлэгч тус сургууль нь олон улсын хамтын ажиллагаа, судалгаанд өндөр ач холбогдол өгдгөөрөө онцлогтой.
Уян хатан академик бүтцийн хүрээнд салбар хоорондын уялдаа холбоотой сургалт, судалгааг хөгжүүлж, дэлхийн түвшний судалгааны төвүүдийг байгуулахыг зорьдог.
Тус сургууль нь ирээдүйн сорилтуудыг даван туулах чадвартай, нийгэмд хувь нэмэр оруулах чадвартай боловсон хүчнийг бэлтгэхийг эрхэм зорилгоо болгож, инноваци, цогц мэдлэгээр дамжуулан орон нутаг болон дэлхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.