Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Цүрүта Ясүюки байна. Японд суралцах хүсэлтэй оюутан залууст зориулсан “ЯПОН ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛ” гэх сэдэвт лекцээр дамжуулан япон хэл сурахад тус нэмэр болох хэрэглэгдэхүүнүүдийг танилцуулъя.
Ярианы ерөнхий агуулгыг танилцуулъя. Юуны өмнө та бүхэн өөрсдийн зорилгодоо тулгуурлан, япон хэлний ямар түвшинд хүрэх ёстойг тайлбарлах болно. Дараа нь одоогийн япон хэлний түвшин, эсвэл зорьж буй түвшинд тохирсон онлайн сургалтын хэрэглэгдэхүүний талаар танилцуулна. Дараа нь япон хэлний онлайн толь бичгүүдийг танилцуулж, төгсгөлд нь танхимаар ашиглаж болох сургалтын хэрэглэгдхүүнийг танилцуулна.
Энэ бол Японы сангаас боловсруулан гаргасан "JF Standard"-д заасан даалгаврыг гүйцэтгэх чадварын түвшингийн үзүүлэлт юм. Даалгаврын гүйцэтгэлийн чадварыг Can-do буюу “Япон хэлээр юуг, хэр зэрэг чадах вэ?” хэлбэрээр илэрхийлэх ба япон хэлний түвшинг A1, A2, B1, B2, C1, C2 гэсэн 6 түвшинд хуваадаг. Эдгээр зургаан түвшин нь Европын холбооноос гаргасан CEFR буюу Европын холбооны улсуудын олон хэлний суурь хөтөлбөртэй ижил байдаг.
А1 ба А2 нь “хэлний анхан шатны хэрэглэгч"-ийн шатанд байгаа бөгөөд маш энгийн хувийн мэдээлэл, худалдан авалт, ажил гэх мэт ойр зуурын өдөр тутмын үйл явдлын талаар ойлгож, харилцах чадвартай түвшин юм. Энэ түвшинг ерөнхийд нь “суурь шат" эсвэл "анхан шат" хэмээн нэрлэдэг. JLPT шалгалтын хувьд N5 ба N4 нь энэ түвшин болно.
Японы их дээд сургуульд англи хэл дээр хичээлээ үзээд, цагийн ажил эсвэл өдөр тутмын амьдралдаа япон хэл ашиглах бол А2 түвшний зорилго тавьж болох юм. Дараа нь B1, B2 нь "хэлний бие даасан хэрэглэгч"-ийн түвшин бөгөөд энэ түвшинд сайн мэддэг сэдэв төдийгүй, нэлээд өргөн хүрээний сэдвүүдийг хамааран давуу тал, сул тал, шалтгаан зэргийг тайлбарлах чадвартай байдаг. Энэ түвшнийг "дунд шат" гэдэг. JLPT шалгалтын хувьд N3 буюу түүнээс дээш түвшин болно. Японы их дээд сургуулиудад япон хэл дээр хичээлээ үзэх бол энэ түвшинд хүрэх шаардлагатай. C1 ба C2-ийн тайлбар хийлгүй орхие.
За одоо та бүхний одоогийн япон хэлний түвшин, эсвэл зорьж буй түвшинд тохирсон онлайн сургалтын хэрэглэгдэхүүний талаар танилцуулна.
Юуны өмнө, одоо япон хэл сурч эхэлж буй хүмүүст япон хэлний хирагана, катакана үсгийг хөгжилтэйгөөр сурахад туслах 3 онлайн сургалтын хэрэглэгдэхүүнийг танилцуулъя.
Эхнийх нь Японы сангийн "Минато" цахим сургалтын платформыг ашиглан хирагана, катакана үсгийг суралцах боломжтой.
Хоёр, гурав дахь нь Японы сангаас бэлтгэн гаргасан хирагана, катакана үсэг сурахад зориулсан апп юм. Бүгдийг нь үнэгүй ашиглах боломжтой.
Японы сангийн цахим сургалтын платформ “Минато” нь япон хэлийг эхлэн суралцагчдаас эхлээд дунд шат хүртэлх хүн бүрт зориулан ба тэдний хэрэгцээ, зорилгод тохируулан боловсруулсан онлайн сургалт юм. Эдгээр 7 хэлээр ашиглах боломжтой.
Минато-д хирагана, катакана үсгийг бие даан суралцах курс байдаг. Бие даан сурснаар хирагана үсгийг уншиж бичих чадвартай болох боломжтой.
Олон сонирхолтой асуулт хариултын тусламжтайгаар хөгжилтэй, үр дүнтэй суралцах боломжтой тул хэрэв та дөнгөж япон хэл сурч эхэлж байгаа, эсвэл хирагана, катакана үсэг сурахдаа итгэлгүй байгаа бол энэ сургалтыг туршаад үзээрэй.
Дараа нь хирагана, катакана үсгийг сурах боломжтой апп-ыг танилцуулъя. Энэхүү апп нь жишээлбэл “хэ гэдэг үсэг нь “өвөөгийн толгойтой төстэй хэлбэртэй'' гэх мэт эргэн санахад дөхөм байх хинт-ийг өгдөг тул, хөгжилтэй хэлбэрээр тогтоох боломжтой. iOS болон Android үйлдлийн системтэй төхөөрөмжөөр ашиглах боломжтой.
А1 түвшний хүмүүст зориулсан 3 онлайн хэрэглэгдэхүүн байна.
Эхний болон 2-дох нь Минато-оор суралцахад зориулагдсан бөгөөд үүнд ханз үсгийн бие даан суралцах курс, япон хэлийг цогцоор нь эзэмшүүлэхэд тусалдаг “Марүгото” сурах бичгийн агуулгыг онлайнаар сурах боломжтой, бие даан суралцах онлайн сургалт юм.
3 дахь сургалт нь Японы өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай A1, A2 түвшний япон хэлийг сурах боломжтой “Иродори онлайн курс” юм. Та эдгээрийг үнэгүй ашиглах боломжтой.
Энэхүү сургалт нь А1 түвшний 57 ханзтай үгийг бие даан сурах боломжтой сургалт юм.
Янз бүрийн хэлбэрээрийн асуулт хариултаар дамжуулан ханз үсгийг сурах боломжтой.
Ханз үсэг сурахад төдийлэн дуртай биш, эсвэл хөгжилтэйгөөр сурахыг хүсдэг хүмүүст тохиромжтой сургалт юм.
Японы сангаас бэлтгэн гаргасан “Марүгото” япон хэлний сурах бичгийн агуулгыг бие даан сурахад зориулсан сургалт юм.
Одоогийн байдлаар A1-ээс A2/B1 хүртэлх сургалтууд байгаа.
Энэхүү сургалт нь япон хэлийг цогцоор нь сурах хүсэлтэй, эсвэл цаг завгүй байгаад танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүмүүст тохиромжтой.
Дараа нь, Японд өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай A1, A2 түвшний япон хэл сурах боломжтой үнэ төлбөргүй онлайн сургалтын талаар танилцуулъя.
Энэхүү сургалтын онцлог нь монгол хэлний тайлбар заавартайгаар сурах, дасгал ажиллах боломжтой.
Миний мэдэхээр, монгол хэл дээр цогцоор нь сурах боломжтой цорын ганц онлайн сургалт бол энэхүү "Irodori Online Course" гэх сургалт гэж бодож байна.
Энэхүү иродори онлайн сургалт нь өмнө нь танилцуулсан Японы сангийн онлайн сургалтуудын нэгэн адил төрөл бүрийн асуулт хариултаар дамжуулан хөгжилтэйгөөр сурахад зориулагдсан сургалт юм.
Энэ слайд дээр үгийн сан болон ханз сурах хэсгийг харуулсан байна.
Дүрмийн хуудаснаас монгол хэл дээрх тайлбарыг унших боломжтой. Мөн материалыг PDF хэлбэрээр татаж авах боломжтой.
Сургалтын хуудсуудаас гадна төрөл бүрийн дасгал ажлууд байдаг.
Та бүхэн хараарай. Энэ олон дасгал ажлуудыг Монгол хэлний заавар, тайлбартайгаар хийх боломжтой.
Бүгд үнэ төлбөргүй байдаг. И-мэйл хаяг, нууц үгээ оруулан маш хялбараар хэрэглэгчийн бүртгэлийг хийн ашиглаж болдог тул та бүхэн энэхүү онлайн сургалтыг туршаад үзээрэй.
Дараа нь А2 түвшний хүмүүст санал болгож буй 3 сургалтын хэрэглэгдэхүүн байна.
Эхнийх нь "Hikidasu Nihongo”. Энэхүү нэвтрүүлгийн гол булан болох “Суан Японд очив!”-д зочид буудалд ажиллахаар Японд ирсэн гадаадын иргэн Суаны өсөлт хөгжилтийг харуулсан драмыг үзэнгээ, япон хэлний мэдлэгээ ахиулах стратегиудыг танилцуулах болно.
Мөн “Ономатопе” булан, Японы бүс нутгуудад ажиллаж буй гадаадын иргэдээр дамжуулан тухайн бүс нутгийн сэтгэл татам байдлыг харуулсан ``Японы сэнпай'' булан бий. Энэ “Японы сэнпай" буланд японд ажиллаж амьдарч буй монгол иргэн Энхбаярыг танилцуулсан байсан.
Хоёрдахь нь “Хирогарү” хэмээх сайт байна. Энэхүү сайтаас 12 сэдвээр дамжуулан японы талаарх сонирхолтой мэдээллийг уншиж, сонсох боломжтой.
Энэ бол "Кафе/Цай" гэсэн сэдэвтэй хуудас байна.
Японы цай, кофены соёлыг олон талаас нь танилцуулсан байгаа.
Та бүхэн сонирхсон сэдвээ дарж ороод үзээрэй.
А2 түвшний сүүлийн хэсэгт Японы сангийн "KANJI Memory Hint" апп-ыг танилцуулъя. Энэ бол эхэнд танилцуулж байсан HIRAGANA Memory Hint болон KATAKANA Memory Hint-ийн ханз үсгийн хувилбар юм.
Ханз үсгийг санахад хялбар болгох 2 төрлийн тоглоом болон ассоциатив дүрслэл (дүрслэн санах) ашиглан ханз сурахад хялбар болгож өгсөн апп юм.
Түвшинд суурилсан онлайн сургалтын хэрэглэгдэхүүний талаарх сүүлчийн танилцуулга байна.
Эдгээр 3 сургалтын хэрэглэгдэхүүнийг B1 болон түүнээс дээш түвшний суралцагчдад ашиглахыг зөвлөж байна.
Эхнийх нь япон улсын хамгийн сүүлийн үеийн мэдээг энгийн япон хэлээр танилцуулж, уншиж, сонсож ойлгох дадлага хийх боломжийг олгодог сайт юм.
2 дахь сайт нь EJU өгөх суралцагчдад хэрэгтэй сайт юм.
3 дахь сайт нь японы зохиолуудыг япон хэлээр үнэ төлбөргүй унших боломжтой сайт юм.
NHK NEWS WEB EASY бол Японы NHK телевизээс бэлтгэн гаргадаг мэдээний сайт юм.
Япон хүмүүст зориулсан мэдээний нэвтрүүлгээс арай хялбар япон хэлээр мэдээг нэвтрүүлдэг.
Мэдээний скриптэд унших дуудлага нэмэх боломжтой бөгөөд бага зэрэг хэцүү үгсийн утгыг харуулах боломжтой. Мөн мэдээг сонсох боломжтой.
Энэхүү NHK for School сайтыг мөн Японы NHK телевиз бэлтгэдэг. “For school” “Сурагчдад зориулсан‘’ гэдэг нэрнээс харахад тодорхой бөгөөд Японы бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөр юм.
Эндээс та эх хэл, нийгэм судлал, математик, байгалийн шинжлэх ухааны төрөл бүрийн видео хичээлүүдийг үзэх боломжтой. Японы их дээд сургуульд элсэн орох EJU шалгалтыг өгөх хүмүүс шалгалтанд бэлдэхэд хэлбэрээр энэ сайтын хөтөлбөрүүдийг үзэж сонирхоорой.
Aozora Bunko нь зохиогчийн эрхгүй бүтээлүүд, зохиогчийн зөвшөөрөлтэй бүтээлүүдийг япон хэл дээр унших боломжтой сайт бөгөөд үнэ төлбөргүй ашиглах боломжтой сайт юм.
Зөвхөн Япон зохиолчдын зохиол бүтээлээс гадна гадаадын зохиолчдын зохиол бүтээлийг ч унших боломжтой.
Хэрэв та ном зохиол уншихдаа төдийлөн дуртай биш бол “Аозора Бүнко”-ийн бүтээлүүдийг YouTube-ээр сонсох боломжтой.
Энд би өөрийн санал болгож буй 1 сайтыг танилцууллаа.
Үүгээр түвшин бүрийн онцлогт тохирсон Японы онлайн сургалтын хэрэглэгдхүүний талаарх танилцуулгаа өндөрлөе.
Одоо япон хэл суралцагчдын дунд ойлгохгүй үгээ япон-монгол толь бичиг ашиглан ойлгодог хүн олон байдаг гэж бодож байна.
Гэвч монгол хэл рүү орчуулахад япон үгийг уг үндсэн утга болон хэрэглээг яс ойлгож хэрэглэнэ гэдэг хэцүү.
Тиймээс дунд түвшний суралцагчийн хувьд япон хэлний тайлбар толь хэрэглэхийг зөвлөж байна.
Энд онлайнаар хэрэглэж болох 4 толь бичгийг танилцуулъя. Аль аль нь япон хүмүүс өөрсдөө хэрэглэдэг толь бичиг тул эхэндээ хэцүү санагдаж магадгүй ч, хэрэглэж явцад дасаад япон хэлний уншиж ойлгох чадварт ч нөлөөлөх болно.
Та бүхэн эдгээр толь бичгүүдийг хэрэглээд үзээрэй.
Энэ хүртэл цахимаар хэрэглэж болох япон хэлний сургалтын хэрэглэгдхүүнүүдийг танилцууллаа. Төгсгөлд нь МЯТ дээр явагдаж буй япон хэлний сургалт болох номын сангийн үйл ажиллагааг танилцуулъя.
МЯТ дээр А1-B1 түвшний япон хэлний сургалтуудыг жилд 2 удаа 9 сарын сүүлээр болон 2 сарын эхээр явуулж байна. 1 сургалт нь 4 сар орчим хичээллэдэг. Мөн зуны улиралд А1 түвшний түргэвчилсэн сургалтыг явуулдаг. Танхимын сургалтаар япон хэлний товч мэдлэгтэй болохыг хүсвэл МЯТ-ийн FB хуудсаас мэдээлэл аваарай.
Төгсгөлд нь энэхүү слайдын доод хэсэгт харагдаж байгаа нь тус төвийн номын сан байна. Та бүхний дунд номын сангаар үйлчлүүлж байсан хүн хэр зэрэг байна вэ?
Тус төвийн номын санд япон хэл сурахад зориулсан төрөл бүрийн сурах бичиг, дасгал ажлын ном товхимлууд байдаг бөгөөд сургалтанд сурч буй суралцагчид болон япон улсад сурахыг зорьж буй оюутан залуус өдөр бүр шамдан хичээллэж байна. Японы их дээд сургуулиудын танилцуулах булан ч бий. Мөн үе үе японы соёлын танилцуулах арга хэмжээг зохион байгуулдаг тул та бүхэн номын сангийн үйлчлүүлэгчийн үнэмлэх нээлгэн хэрэглээд үзээрэй.
Япон сан болон МЯТ нь япон хэл суралцагчид болон япон улсад суралцахыг зорьж буй оюутан залуус, Японд ажиллаж амьдрах хүсэлтэй иргэдийг дэмжихид чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн бөгөөд цаашид ч гэсэн хичээн ажиллах болно. Анхаарал тавин сонссонд баярлалаа.